83 сая хүн амтай Турк улсын 81 мужид коронавирусийн тархалт маш хурдан газар авч халдвар авсан хүний тоо эрс нэмэгдсээр байна. Тус улсын төр засаг, эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтарч дорвитой ажиллаж байгаа боловч ч одоогоор халдварын тоо хараахан буураагүй байна. 24 цагийн дотор хийгдэх шинжилгээний тоо 30 мянгад хүрч, халдвар авсан тохиолдол 4 мянга даваад байна.
Нийслэл Анкара хотод 112 түргэний тасагт ажилладаг 9 ажилтнаас Covid19 халдвар илэрч тус төвд коронавирусийн шинжилгээ хийхийг түр зогсоогоод байна.
Турк улсад Covid19 халдвар авсан өвчтөн болон ойрын хавьталтуудыг ухаалаг гар утсанд суулгасан тусгай аппликейшний тусламжтайгаар хянаж анхааруулга мессэж илгээж эдгээр бүртгэлтэй хүмүүсийг газрын зургаас шалгаж өндөр хяналт тавьж ажиллаж байна. Дүрэм, журам зөрчсөн хүмүүст холбогдох байгууллага хуулийн дагуу арга хэмжээ авч торгууль оногдуулж эхэлсэн.
Истанбул хотод сурч, ажиллаж амьдардаг, дамжин өнгөрч яваад гацсан, эмчилгээнд ирсэн, ажлын шугамаар ирж буцаж чадаагүй маш олон шалтгаантай байгаа иргэд та бүхэн вирусийн голомтод амьдарч буйг цаг тутамд анхааран дор бүрнээ өөрийн болон бусдын эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх хүрээнд суугаа орны зүгээс гаргаж буй шийдвэрүүдийг дагаж мөрдөнө үү.